Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Говь-Алтай аймгийн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын дүн
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд хэвийн сайн, 76 хувьд дунд зэрэг, 4 хувьд муу үнэлгээтэй гарсан.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
6.6 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
15.8 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
32.9 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
9.2 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
35.5 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 22 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 78 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Говь-Алтайн аймгийн Жаргалан, Есөнбулаг, Халиун сумын нийт нутаг, Дэлгэр сумын Гуулин тосгон, Баянхайрхан, Баянбуурал, Баян-Өндөр багууд, Чандмань сумын Эрдэнэ-Уул, Чандмань-Уул, Өлзийбулаг, Бигэр сумын Буудай, Урт, Мянгаа, Төгрөг сумын Тунгалаг, Мааньт, Төгрөгийн-Эх, Цогт сумын Гэгээт, Төгрөг, Цээл сумын Баянгол, Тонхил сумын Алтайн-Оргил багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн, Тонхил сумын Зүйл, Тамч, Төгрөг сумын Цагаанхайрхан, Цээл сумын Бүрэн, Тайшир сумын Галуут, Бигэр сумын Хүрэмт, Цогт сумын Баян-Өндөр багуудад 3-5 дахин хэтэрсэн, Дарив сумын нийт нутаг, Шарга сумын Улаантуг, Баянгол, Сондуулт, Цогт сумын Рашаант, Баян-Улаан, Далан, Эрдэнэ сумын Сангийн далай, Цагаан-Уул багууд, Тайшир сумын Далан, Хуримт, Цээл сумын Дэрстэй, Жаргалт, Баян-Уул сумын Баянговь, Баянхайрхан, Хөхморьт сумын Цоохор нуур, Завхангол, Дэлгэр сумын Баянхонгор баг, Төгрөг сумын Хүрэнгол, Тонхил сумын Бүс-Уул, Бигэр сумын Эх булаг, Чандмань сумын Хүрхрээ багуудын нутагт даац 1-3 дахин хэтэрч гарлаа.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Говь-Алтай аймгийн ихэнх сум багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Хянасан: УЦУОШТөвийн дарга /Н.Алтантуяа/
ХААЦУ-ын инженер /М.Гүнбилэг/
2020-08-31